top of page

Хүүхдийн хувцаслалтийн тухай зөвлөе ...

Хувцасны ач холбогдол

Хүүхдийн хувцас эрүүл мэнд, бие бялдрын өсөлт хөгжил ажлын чадварыг дэмжих, хамгаалах үндсэн ач холбогдолтой. Хувцас нь гадаад орчны таагүй нөлөөллөөс хамгаална. Ялангуяа халуун, хүйтэн агаарын хэм, механик бэртэл, гэмтэл, химийн болон бусад бохирдлоос шууд хамгаалах ач тустай.


Яагаад хувцас, хувцаслалтад анхаарах вэ?

Хувцас нь биеийн дулаан зохицуулалтад нөлөөлж, арьсны гадаргуу хувцас хоёрын хооронд бичил орчныг бүрдүүлнэ. Харин үүсэх орчин нь хувцас ямар материалаар хийгдсэнтэй шууд хамаарна. Хүүхдийн арьс маш эмзэг булбарай, насанд хүрсэн хүнийхээс ялгаатай учир амархан гэмтэх, гадаад орчны хэмийн өөрчлөлт, бохирдолтод илүү мэдрэмтгий байдаг. Хүүхэд хөдөлгөөний идэвхтэй үедээ, биедээ 2-4 дахин илүү дулааныг ялгаруулдаг. Хүүхдийн бодисын солилцоо насанд хүрсэн хүнийхээс ялгаатай арьсны амьсгал ихээхэн байр суурийг эзэлдэг. Түүнчлэн хэт халах эсвэл даарч хөрөхөд хүүхдийн дулаан зохицуулах чадвар сул хөгжсөнтэй холбоотой эрүүл мэндийн байдал алдагдаж болно. Иймд хүүхдийн хувцас, хувцаслалтад тавигдах эрүүл ахуйн шаардлага онцлог бөгөөд анхаарах нь маш чухал юм.


ХҮҮХЭД ЯМАР ХУВЦАС ӨМСӨХ ЁСТОЙ ВЭ?

Хүүхдийн хувцас хүйтэн сэрүүний улиралд биеэс нь дулаан илүү алдагдахаас сэргийлэх, дулаан халууны улиралд эсрэгээрээ дулааныг биеэс хялбар гадагшлуулахад саад болохгүй байхаар сонгоно. Иймд хүүхдийн хувцасны эд материалыг сонгохдоо агаар нэвтрүүлэх, ус чийг шингээх, дулаан дамжуулах болон эсэргүүцэх зэрэг физик-эрүүл ахуйн чанаруудыг чухалчлан авч үздэг. Ингэхдээ хүүхдийн анатом-физиологийн онцлог, цаг агаарын байдалд тохирсон байхаас гадна өмсөж тайлахад амар хялбар, гоо зүйн хүмүүжилтэй болох шаардлагуудыг хангасан байхыг чухалчилна. Хувцас нь хүүхдийн хөдөлгөөнийг хязгаарлах, чөлөөтэй амьсгалахад саадтай, цусны эргэлтийг боох, дарах, арьсны гадаргууг гэмтээхгүй байх ёстой. Хүүхдийн хувцсанд хөвөн даавуу, маалинга, ноос ноолууран материал хамгийн тохиромжтой. Ялангуяа бага насны хүүхдийн дотуур хувцас зөвхөн хөвөн, хөвөн даавуун материал байна. Капрон ба лавсаан агуулах нийлэг эдийг хүүхдийн дотуур хувцсанд хориглох ба гадуур хувцас 40% хүртэл агуулахыг зөвшөөрдөг.


ЦЭЦЭРЛЭГТ ХЭРХЭН ХУВЦАСЛАХ ВЭ?

Цэцэрлэгт өсөх хувцас нь хүүхдийн биед эвтэйхэн чөлөөтэй, хөдөлгөөнийг хязгаарлахгүй, хөвөн, хөвөн даавуу материалаар хийгдсэн байна. цэцэрлэгт хүүхдүүд нь өдөр тутамдаа урт ханцуйтай нимгэндүү цамц, сул өмд өмсөх нь зохимжтой. Энэ нь арьсны эрүүл ахуй, хувийн ариун цэврийг сахиж хамгаалахтай холбоотой. Учир нь арьсны гадаргуун дээр амьдрах мөөгөнцөр болон бусад халдвараас сэргийлэх ач холбогдолтой. Иймд биед эвтэйхэн чөлөөтэй цамц, өмдийг хөвгүүд, охидын аль аль нь өмсвөл зохино. Гадаадын зарим улс оронд жишээ нь Англи, Япон улсын цэцэрлэгт бүх хүүхдүүд нь цамц өмд өмсөх ба өдрийн унтлагын үед, шууд өмсөж байсан хувцастайгаа унтдаг. Энэ нь олон талын ач холбогдолтойн дээр халдвар хамгааллын дэглэм хувь хүүхдийн хувьд маш сайн сахигддаг байна.


Охидын тухайд өдөржин бариу трико өмсөх нь элбэг, трико нь хөвөн даавуун бүс бараагаар хийгдээгүй тохиолдолд 23% хүртэл синтетик нийлэг эластик утас агуулж болзошгүй. Хүүхдийн бариу хувцас арьсны гадаргууг дарах, цус болон тунгалгийн судаснуудын эргэлтэд саад учруулах, улмаар дотоод эрхтэн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг алдагдуулах боломжийг бүрдүүлнэ. Ялангуяа цэцэрлэгийн насныхны нэг онцлог нуруу нугалмын хөгжил гүйцээгүйн улмаас хэлбэр галбир амархан алдагдах аюултай. Хэт бариу өмд, бүс, өмдний резин, босоо өндөр хоолой дарсан зах, ханцуйны зах зэргийг хүүхдийн хувцаснаас хасах нь зүйтэй.


Хүүхдийн хувцас нь цайвар цагаандуу байх нь зохимжтой, учир нь нарны хэт улаан дулаан цацрагийг сарниулж, нил ягаан туяаг нэвтрүүлдэг тул эрүүл мэндэд нь илүү тустай. Гэхдээ нарны цацрагийн идэвхжил хэт ихэссэн үед (зуны улирал) улаан ба хөх цэнхэр өнгийн хувцас сонгох нь зөв. Эдгээр өнгө нь цайвар өнгөнөөс илүү бага түвшинд нил ягаан цацрагийг нэвтрүүлнэ. Хүүхдүүдэд ялангуяа охид өдөржингөө торгон бүс бараан хувцас, нейлон капрон хувцас буюу синтетик полимер материалаар хийсэн хувцас өмсөхийг зөвлөхгүй. Хүүхдээ эрүүл ахуй, ариун цэврийн дадалд 2 наснаас нь сургаж, өдөр бүр усанд оруулах ба дотуур хувцас, оймсыг солихыг зөвлөж байна.



21 views0 comments

Comments


bottom of page